2012-03-27
шог өгүүллэг

Өгүүллэг: КОНДУКТОР МИНЬ УУЧЛААРАЙ Оруулсан admin on 2010-06-10 20:37:50 (2523 уншсан) Монголоос ирээд удаагүй нэг дүү хүүтэй цуг өрөө хөлслөн хоёр жилийн өмнө Лондонд би амьдарч байлаа. Надаас тав дүү атлаа надаас намбалаг, солонгос киноны эерэг талын баатар шиг донж нь тохирсон халиурсан задгай халимагтaй, ярьж суухыг нь хальт харвал Их Хурлын гишүүн юм уу гэмээр алаг нүдэн сайхан залуу. Нүдэнд дулаахан, даруухан монгол залуу байр асууж анх уулзахад туслахсан гэсэн хүсэл надад төрч, өрөөндөө хямдхан суулгахаар тохиролцсон. Тухайн үед ажилгүй байсан дүү хүү сэтгэлээр амархан унана; харин би ажил олдоно санаа зоволтгүй гэж түүнийг аргадсаар, чадах ядахаараа тусалж, хоол ундыг нь ч хүртэл даасан юмдаг. Англид ирсэн хүн ажилгүй удах биш дээ. Тэр тусмаа манай дүү хүү шиг царайлаг, англи хэл, дээд боловсролтой залууд бол ажил олдохгүй байна гэдэг гонжийнжоо. Сар ч бололгүй дүү хүү ажилтай болж, амьдрал цэцэглэх нь тэрээ. Би ч ганцаараа байрны түрээс төлж, шатахгүй болсонд түүнээс дутуугүй баярлав. Жаахан зутруу явахдаа “Ахын тусыг хариулнаa” гээд л надаар пийв авахуулж ууж байсан дүү хүү маань мөнгөтэй золгосонд пийвныхаа хариуг авна гэж шуналтсан уу, би үнэхээр л үнэн сэтгэлээсээ баярласан юмдаг. Гэтэл их санасан газар хоосон хононо гэдэг л болсон доо. Үнэндээ энэ цаг хугацаа гэдэг сонин ажээ. Юуг ч шинээр үлдээхгүй элэгдүүлээд, хуучруулаад хаях юм. Монголчууд үүнийг гууль нь цухуйна гэж мөн онож хэлсэн байгаа юм шүү. Дүү хүү бид хоёрын “гууль цухуйв”... Дүү хүү намайг тоглоом, шоглоомоор ёстой үглээ чавганц шиг гар гэж нэрлэх болов. Би ч жаахан үглээ байж магадгүй хүн л дээ. Хааяа намайг найз нөхдүүд маань үглэлээ гэж зэмлэдэг. Энэ зандаа би өөрөө дургүй ч өөрчилж чаддаггүй. (Төрөлхийнх юмшиг байгаа юм.) Дүүгийн хэлснийг эргэцүүлэн бодож: хогоо хая, өглөө ороо хураагаад яв, аяга тавгаа угаа, өмхий бандаашгаа далд хий, байрныхаа мөнгийг өгөөрэй гээд л олон үглэсэн болохоо би анзаарав. Ингээд би дүгнэлт хийж ам ангалзуулахаа багасгах, ахын ёсоор намбалаг байхыг өөртөө тушаалаа. Гэвч харамсалтай нь би их тэвчээргүй, муухай ааштай хүн л дээ. Уужуу дотортой, гүндүүгүй монгол эр болох гэсэн чинь бүр эсрэгээр хараал урсгасан гудамжны хулигаанд хувирчихлаа. Эхэндээ ч дүү хүүгийн хажууд хараалаа тэвчээд гэртээ ганцаараа ор дэр хурааж, жорлон сав, аяга таваг угааж байхдаа л хараадаг байв. Болье гэсэн ч больж чадахгүй байгаа юм чинь. Ямар сайн байх вэ дээ, Англид ирээд томоожин, зодоон цохион хийдэггүй, гуч гарсан соёлтой залуу боллоо гэж дотроо бахархаж явсан маань будаа. Юун соёлжих, юун ухаажих харин ч хоёр, гурван хэлээр хараал урсгасан хачин муухай амьтан болчихдог юм байна – энэ бие чинь. Сүүлдээ бүр гэртээ орохоос дургүй хүрдэг болсон. Ундуй сундуй нохойн хороо шиг мухар өрөөнд суухаар чинь сэтгэл тавгүйтээд тухтай ч хоол унд хийж идэж чаддаггүй юм байна лээ. Тэгээд гадуур хооллон, пааб хэсэж, царай алдан турлаа. Монгол руу явуулах хэдэн цаасаа нэмье гээд хүнтэй өрөө шэйрлэсэн биш, ганцаараа амьдрахаас ч илүү мөнгө үрдэг юм байна.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax